Бага ангийн багш
Лувсангийн ОДОНЧИМЭД
СГЗ, Эрдэмтэн-Зохиолч
Амьдралд тохиолдсон аливаа болгон дурсамж төдий хоцорч, ихэнх нь мартагддаг байтал бага насны явдал тархины бор хальсанд суулгасан дүрс бичлэг мэт үлддэг. Хүүхдийн оюун сэтгэхүй гэдэг амьдралын эрээн бараанд нухлагдаж, доль цохиж, зурагдсан пянз мэт болчихоогүй, цоо шинэ соронзон хальс мэт байдгаас тэр биз ээ. Олон дурсамж дотроос бидний үеийнхэн гэгдэх тавиад оны сурагчдын бага сургуулийн тухай дурсамж бүр өчигдөрхөн мэт.
Бас аль ч нутгийнх бай үе тэнгийнхэнтэйгээ хөөрөлдөхөд цөм л нүд нь сэргэж ирээд саяхан уншсан нэг л зохиолын тухай яриад байгаа мэт ав адилхан дурсамж өгүүлнэ. Энэ бол Дондогийн Цэвэгмид гуайн “Манай сургуулийнхан”, Сономын Удвалын “Одгэрэлийн яриа”-ны залгаа үе юм. Тэд ч бас бага ангийн дурсамжиндаа тулгуурлан зохиолоо бичсэн байдаг. Одоогийн хүүхдүүдийн зарим нь шоолж, уяхан сэтгэлтэй нэг нь өрөвдмөөр тийм дурсамжийг бид өөрсдөө их л бахархалтай ярьцгаадаг.
Хөлдүүс болсон шавар байшинд, хөдсөн дээлтэй бөөвийсөн хэдэн жаал нусаа татан байж боргоцойн чинээ сайртай бор гараар багшийн заасныг хичээнгүйлэн бичнэ. Балын харандааг хоёр, хорон харандааг гурав хувааж өгнө. Шоо дөрвөлжин, элементийн болон шулуун шугамтай дэвтэр, сурах бичиг тавьж олгоно. Найруулдаг чирнээл гэж пэлдэн. Чирнээл нь байлаа гэхэд бэхийн сав олдохгүй.
Дархчуул төмрөөр бэхийн сав урлана. Хорын харандааны голыг зорж найруулаад ягаан чирнээл “үйлдвэрлэнэ”. Өтгөн найруулбал “алтан” бэх болно. Анх сургуульд хумбан цагаан буюу “86” хэмээх дүрдэг үзэг очиход зөвхөн шагналд олгодог байлаа. Үзэгний иш олдохгүй. Үзгээ харандааны нэг үзүүрт утсаар боож байгаад бичнэ.
Дотуур байр гэж бас хөлдүүс. Манай говьд бол том төмөр боошигонд аргал хөрзөн өрдөөд л байна. Өрдөнгүүт халуун дүүгнэ, унтрангуут хүйт даана. Нүүр гар угаах ус ч хөлдүү. Энэ бүхнийг бахархал болгож ярьдаг юм бишээ. Харин ийм нөхцөлд бидэнд эрдэм ном заасан багш нар минь бидний бахархал байдаг. Монголчуудыг зуун хувь бичиг үсэгтэн болгож дэлхийд данслуулсан хүмүүс бол бага ангийн багш нар. Хөшөө дурсгал олныг босгодог болсон өнөө цагт бага ангийн багш нарт зориулж алтаар хөшөө босгосон ч багадна.
Ээжийнхээ ачийг мартдаггүйн адил багшийнхаа ачийг мартдаг шавь гэж үгүй. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалийг боржин чулуунд сийлж мөнхөлснийг чухам нүдээ олсон дурсгал гэж боддог. Дээр үеийн багш нарт мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байгаагүй.
Манай Дэлгэрэхийн бага сургуулийн захирлыг Норжин гэнэ. Хичээлээс гадна орос хэлний дугуйлан ажиллуулна. 1954 оны бага сургуульд шүү. Шатраар аймагтаа шалгарч улсын тэмцээнд явна. Сэнтүүн бөмбөг анх дэлгэрүүлж, илбэ гэдгийг анх бидэнд үзүүлсэн хүн. Д.Дүгэрсүрэн гэж эмэгтэй багш мандолин сайхан тоглоно, сургуулийн концертыг найруулна. Тэр багш биднийг нугаруулж, годройтуулж, толгой дээр нь гозойлгож сургаад “овоолго” гэгч биеийн тамирын ноймор хийлгэнэ.
Манай ангийн багш Содномпил бол гармон тоглоно. Нийтийн бүжиг заана. Их гоё бичнэ. Зузаан зузаан номыг улаан харандаагаар зурж, тэмдэглэж уншина. Миний анх бичсэн “Эвэрэст” шүлгийг “Хөдөлмөр” сонинд нийтлүүлж, хожим үзэг цаас нийлүүлдэг хүн болох замыг нээсэн ачтан. Сумын бага сургуулийг төгсснөөс хойш дөчин жилийн дараа аймагтаа очиход Содномпил багш манай ангийн 33 хүүхдийн нэрийг бичсэн тэмдэглэлийн дэвтэрээ гаргаад, хэн нь хаана явааг надаас асууж билээ.
Миний үеийнхэн бүгд л бага ангийн багшаа ийнхүү дурсана. Тэдний багш нар ч цөмөөрөө авъяастнууд байжээ. Яагаад?! Тэр үеийн төр засаг хамгийн шилдэг хүүхдүүдийг багш бэлтгэдэг сургуульд сургадаг тийм бодлого хэрэгжүүлжээ. Байшингаар юм бол бага ангийн багшийг суурь нь гэж үздэг байжээ. Монголчууд “Багш дор мөргөмү” хэмээн сүслэдэг. Энэ бол зөвхөн лам хуврагийн явдал биш.
Равжаа хутагт Монголд анх таван төрлийн хичээл заадаг бага сургууль нээж, бас багш бэлтгэж, “дүвчин” буюу “бүтээлч” цол өгч, багшлах эрх олгож байсан түүх бий. Бид дөрвөн жил балчир оюуныг тэтгэж сургасан бага ангийн багшийн олгосон хүмүүжлээр насыг элээсэн. Дунд, ахлах ангид оронгуут олон төрлийн хичээл үзэж, янз бүрийн багш нар орох нь сонирхолтой. Гэхдээ тэд даага сарваагаар жишиж үзвэл амаа олоод зүгширчихсэн хүүхдүүдтэй ажилладаг.
Бидний үед чинь найм, ес, аравтай нэгдүгээр ангид ордог, зарим нь арван жил төгсөхдөө хорь гарчихсан байдагсан. Одоогийн хүүхдүүд үүнийг сонсоод шоолж магадгүй. Гэвч бид сайн багш нарын хүчинд эрдэм ном сурч, улс эх орондоо өрөө төлсөн хүмүүс. Харин өнөөдөр бага ангийн багш нар маань илүү хүнд үеийг туулж байна. Цэцэрлэгт болон бусад нөхцөлд бэлтгэл анги төгссөн нэртэй, зургаахан настай балчирыг хэрхэн сургах вэ. Энэ бол цоо шинэ асуудал. Нөгөөх төр засгийн бодлого нь алга болсноос цэцэрлэг, сургууль хүрэлцэхээ больсон.
Ерөнхий боловсролын сургууль 2-3 ээлжээр хичээллэнэ. Нэг анги дөч гаруй хүүхэдтэй. Суманд арай дээр. Хотод бол илүү цаг гаргаж, давтлага өгөх, гэрээр явж ажиллах тухай бодох ч хэрэггүй. Бяцхан иргэд маань дээр үеийнхэнтэй адилгүй. Сонирхлыг нь татах, анхаарлыг нь сарниулах зүйл арвинтай. Зурагт, PC, DVD, компъютер гээд тоглоомондоо бол маасчерууд. Хүүхдүүд нь эрх танхи, эцэг эх нь баян, омогтой. Сургууль, багш нарыг голж шилэмтгий.
Хүний эрх, хүүхдийн эрхийн тухай хуульд бүгд гаргуун, харин үүргээ мэдэхгүй. Боловсролынхон болохоор нэг бол Кембриж мээмбреж гэж алсын юм ярина. Нэг болохоор шавь төвтэй сургалт, “Зөв монгол хүүхэд” гэж ярина. “Хүнээ хөгжүүлье гэвэл бага ангийн багшаа хөгжүүл” гэдэг бодлого хэрэгжүүлсэн орон олон байдаг ажээ. Капитализм анх хөгжсөн гэдэг Английн тэр Кембрижид чинь бага ангийн багш хамгийн үнэтэй капитал нь байсан түүх бий.
Японы “Өвсний үндэс” төсөл яагаад манай хөдөөгийн сургуульд их элэгтэй байдаг юм бэ. Ер нь Япончууд манайд 55 сургууль барьж өгсөн гэдэг. Тэд яагаад сургуулийг чухалчлав. Үгээгүй ядуу, өлсгөлөн гуйланчлалын орон гэгдэж, дайн хийж олз хайж явсан түүхтэй Япон улс дөчөөдхөн жилд үсрэнгүй хөгжсөний гол нууц нь бага ангийн багшийн үүрэг ролийг дээш нь гаргаж ирсэнд оршдог байна. Энэ нь Японы хөгжлийн үсрэлт хийсэн Межугийн үе юм.
Бага ангид багшилсан хүнийг л багшийн их, дээд сургуульд элсүүлдэг байжээ. Базаж хэлбэл, бага ангийн багш нарын боловсрол мэдлэгт онцгой анхаарч, тэдний цалин хөлсийг тусгайлан тогтоож, хот, хөдөө хаана ч ажилласан нэр хүндийг нь өргөж, тайж түшмэлийн зиндаанд аваачсан гэдэг. Манайхан “хүн болох багаасаа” гэж ярьдаг. Японд бол Япон хүн болгох асуудлыг бага ангид шийдвэрлэж чаддагт оршиж байна. Манайхан Японы туршлагыг их судалсан. Гэхдээ бага ангийн багш нарыг явуулж үзүүлсэн нь юу л бол.
Манайд дунд, ахлах ангид бол төрөлжсөн анги кабинетэд хичээллэж, сургалтын стандартаа мөрддөг байх. Хүүхдүүд нь бага ангидаа сайн бэлтгэгдсэн байвал стандартаа хэрэгжүүлэхэд хялбар. Тэгэхээр бага ангийн багш балчир оюуныг нь нэг “стандарт”-д оруулж бэлтгэх үүрэгтэй. Хичээлийн шинэ жилийн нээлтээр Элбэгдорж Ерөнхийлөгч сурагчдад лекц уншсан. Нэгдүгээр ангид бичлэгийг нь тавьж үзүүлжээ. Гэтэл “Багшаа, хүүхэлдэйн кино үзье” гэсэн байгаа юм.
Талаас илүү хувь нь бэлтгэл ангид суугаагүй, бараг ээжийнхээ мээмнээс гараагүй, тийм балчир үрсийг сурагч болгоно гэдэг амаргүйяа. “Багшаа, миний гар бичиж өгөхгүй байна, та барьж байгаад бичүүлчих, тэгэх үү” гээд байдаг гэж бага ангийн багш ярьж байна. Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр 200-гаад орны тэхий дунд нь цохиж явдаг.
Хүнээ боловсруулж, улсаа хөгжүүлмээр байдаг. Тэгвэл бага ангийн багшийн хөдөлмөрийг хоёрдугаар зэргийн ажил мэт үзэж ирсэн алдаагаа арилгаж энэ асуудлыг онцгойлон авч үзэх цаг болжээ. Тэдний цалинг нэмье. Туршлагатай хүмүүсийг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлье, хөдөө явж ажиллая гэвэл онцгойлон дэмжье. Хөдөөгийн багш нарыг малжуулъя, газар өгье, байр олгоё. Сумдад төрийн үйлчилгээний ажилтны орон сууц барья. Эхний ээлжинд бага ангийн багшид олгоё. Тэдэнд онцгойлон бага хүүтэй зээл олгоё.
Бага ангийн багш нарыг тэргүүн ээлжинд шагнаж урамшуулъя. Ер нь тэднээс ардын, гавъяат цол хүртсэн хүмүүс хэр олон байдаг бол? Нийслэлд л ердөө долоохон гавъяат байдаг гэсэн. Тэднийг бага ангийн багш хэлэхээсээ ичих биш балчир оюуныг хөгжүүлж, үр хүүхдүүдийг хүн болох замыг заасан гавъяагаараа бахархаж явдаг болгоё.
Гэрээр явж ажиллах боломж олгоё. Бага ангийн багш нарыг автобус унаагаар үнэгүй үйлчилье. Багш бэлтгэдэг сургуульд тусгайлан сонгон шалгаруулж элсүүлээд, захиалга, гэрээгээр бэлтгэж, төв хөдөөд хуваарилъя. Өр нимгэн, хүмүүнлэг хүмүүс л сайн багш болж чадна.
Эцэг эхчүүд ч бас өөрчлөгдөж, хүүхдийнхээ төлөө анхаарч, тоо, физик, хими, англи хэл гээд гэрээр багш хөлсөлдөг болж. Тэд хүүхдээ их, дээд сургуульд оруулахын тулд ганцхан хичээл дагнаж үзүүлсээр өөр бусад зүйл мэдэхгүй хүн болгож байна. Сүүлийн үед бага ангийн багшийг гэрээр хөлслөх үзэгдэл бий боллоо. Энэ тун сайхан хэрэг. Тэдэнд хамгийн өндөр хөлс төлөх нь шударга болно.
Гадаад хэлний сургалттай сургууль олширч байна. Тэнд монгол хэлээ мэдэхгүй балчир хүүхдүүдэд гадаад хэл зааж, “гадаад хүн” болгож эхэллээ. Бас “гадаад хүн” болгодог багш нарын цалин их өндөр гэнэ. Тэгвэл “монгол хүн” бэлтгэдэг багш нарынхаа цалинг нэмэх шаардлага гарч байна. Үүнийг ч бодох ёстой.
Энэ өгүүллийг бичихээр бодож явахдаа, Монгол Улсын Ардын багш Л.Гантөмөртэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр миний санааг бүрэн дэмжээд, бага ангийн багш нарын цалин бага. Би л гэхэд таван зуун мянга орчим авна. Залуу багш нарын 70-80 хувь нь цалингийн зээлээр амьдардаг. Хөдөө сумдад бол бүгд л ТҮЦ-ний зээлтэй амьдардаг гэсэн. Япон, Солонгос, Герман, ОХУ-д тэс өөр.
Ар талдаа сэтгэл зовж, цалиндаа тааруулж ажиллаж байхад хүүхдэд юугаа сургах юм бэ гэж хэлсэн юм. Зовлон үзсэн энэ алдартны үг үнэтэй. Цалинг нь нэмбэл авилга авахаа больдог гэсэн нэг сонин нээлт Монголд бий болж байна. Харин цалинг нь нэмбэл тэр чинээгээр ухамсар хариуцлага дээшилж үр өгөөжөө өгнө гэж үзэх нь зохистой бус уу. Бид сайн үр суулгахгүйгээр арвин ургац авах гээд байх шиг.
Ерөөсөө манайд болж бүтэж байгаа зүйл алга гэж эвэр хошуулцгаах нь элбэг болж. Тэр тусмаа хүн бүхэн гадарладаг, айл бүхэн оролцдог боловсролын салбарыг шүүмжлэгчид олон. Миний тухайд, сайн мэдэхгүй зүйлээ өөлж муулахыг цээрлэдэг. Эдүгээ арав хорин ач гуч маань өсч байна Түрүүч нь их дээд сургууль төгсөхийг харлаа. Бага ангийн багшийн хөдөлмөр ямар хүнд, тэгсэн мөртлөө ямар хямдхан юм бэ гэдгийг гадарлах болсны хувьд энэ сэдвийг зүрхэлж хөндлөө.
Дэлхийн жишигт хүрсэн сургалт бий болгоно, зургаан наснаас эхэлж 12 жил сургана гээд үсэрдэг дэвхэрдэг олон л туршилтыг туулж байна. Нэг үгээр хэлбэл, хүүхдүүдээ туршлагын амьтан болгож, багш нар хөлд нь чирэгдэж байна. Туршилт хийж байж тогтсон загвараа олдог нь бас жам юм. Тэгвэл одоо бага ангийн багшийн үүрэг ролийг өндөрт тавьж, тэдний хөдөлмөрийг зохих ёсоор үнэлж, энэ талаар тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байна.
Шаварт суусан машиныг ухаж төнхөөд үйлээ үзэж байтал ганцхан хавтгай чулуу олж ивэхэд ухасгээд гарчих нь бий. Үүний адил хүн амдаа боловсрол гэгээрэл олгох явдал эрхэм чухал болж байгаа энэ үед бага ангийн багшид ийнхүү онцгойлон анхаарвал тэр их шүүмжлээд байгаа боловсролын салбарыг “шавар”-аас нь гаргачих юм биш биз. Лу.Гантөмөр сайд сонин сайхан зүйл их сэддэг хүн. Бага ангийн багшийн талаар нэг бодож үзээсэй билээ. Хэрэв тэгж гэмээ нь юуны өмнө хот, хөдөөгийн бага ангийн багшийн ажил, амьдралыг судлахаас гараагаа эхлээсэй билээ. Тэд их юм ойлгуулна даа.
“Бага ангийн багш” гэдэг нэр томъёог ч өөрчлөх цаг нь болсон. Тэд бол харин их амьдралын суурийг тавигчид юм.